Мэдээ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭЭС...

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН  БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭЭС...
Мэдээ, мэдээлэл

Өвөрхангай аймагт Биеийн тамир, спортын байгууллага нь 1941 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны товчооны хурлын шийдвэрээр тус хорооны дэргэд Биеийн тамирын хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд даргаар нь Н.Довдон хэмээх хун томилогдсоноор уйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

            1949 он хүртэл тус аймагт хэдийгээр Биеийн тамирын хэлтэс байсан хэдий ч Туяа, Соёл нийгэмлэгийн харъяанд уралдаан тэмцээнд оролцон, эдгээр нийгэмлэгүүдэд ажлаа тайлагнадаг байжээ.

            1949 онд Аймгийн яамны дэргэд Биеийн тамирын хэрэг эрхлэх хороог байгуулсан нь төрийн байгууллагын тогтолцоонд шилжсэн үйл явдал байлаа.

            Улмаар 1960 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Аймгийн Намын хороо, АДХГЗахиргааны хамтарсан хурлаар биеийн тамир, спортын ажлыг сайжруулах тухай хэлэлцэж, тогтоол гарган мөн оны 3 дугаар сарын 6-нд Биеийн тамирын нийгэмлэг байгуулах анхдугаар бага хурлыг хийж, бүгд хурлын гишүүд болон Биеийн тамирын их хурлын төлөөлөгчдөө сонгосон байна. Зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн энэ хуралд 41 төлөөлөгч оролцож, хурлын ирц 80.5 хувьтай байсан байна.

·        Тус хурлын тэргуулэгчид:

1.      Б.Сэр-Од - /Хужирт сумын багш/

2.      Б.Лодой - /Дөлгөөний сургуулийн эрхлэгч/

3.      Н.Пүрэв - /Нягтлан бодогч/

4.      Н.Цоодол - /Дэлгэрэхийн биеийн тамирын эвлэлийн үүргийн дарга /

5.      Б.Дашням - /Биеийн тамирын хорооны дарга/ нар хурлыг удирдан явуулжээ.

·        Хэлэлцүүлсэн асуудлууд: 

1.      Биеийн тамир, спортын Өвархангай нийгэмлэгээс зохиосон ажил, цаашид тавих зорилтын тухай илтгэл /Илтгэгч нь Б.Дашням/

2.      Зохион байгуулалтын асуудал /Аймгийн эвлэлийн хорооны дарга Д.Чойжамц/ Аймгийн Намын Хорооны ажилтан Н.Доржготов нар дэлгэрэнгүй үг хэлжээ.

Бага хурлаас аймгийн Биеийн тамирын байгууллагын ажилд дүгнэлт өгч цаашид ажиллах чиглэлийг заасан тогтоол гаргаж байжээ. /Аймгийн архив Ү.Ж.№42 а/

            1960 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Бүгд хурлын гишүүдийн анхдугаар хуралдаанаар Өвөрхангай нийгэмлэгийн тэргүүлэгчдийг 7 хүний бүрэлдхүүнтэй баталсан байна.

            Үүнд:

1.      Б.Сэр-Од - /Хужирт сумын багш/

2.      Д.Чойжамц - /АХЗЭХорооны дарга/

3.      Б.Дашням - /БТХорооны дарга/

4.      П.Бадам - /Эмэгтэйчүүдийн зөвлөл/

5.      Д.Сандигадорж - /Гэгээрлийн хэлтэс/

6.      Г.Луузан - /Хөдөлмөрийн төлөө сонины эрхлэгч/

7.      Г.Цэрэндорж - /ҮЭЗөвлөлийн дарга/

Биеийн тамирын нийгэмлэгийн Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар Өвөрхангай аймгийн Биеийн тамирын нийгэмлэгийн даргаар Б.Сэр-Одыг сонгож баталсан байна. Мөн Бага хурлаас Монголын Биеийн тамир, спортын их хуралд оролцох төлөөлөгчдөөр дараах 4 хүнийг сонгож тогтоол гаргажээ.

            Үүнд:

1.      Д.Чойжамц - /АХЗЭХорооны дарга/

2.      Ц.Алтанцэцэг - /Тамирын сурагч/

3.      Б.Лодой - /Багш/

4.      Б.Сэр-Од - /БТН-ийн дарга/

             Биеийн тамирын нийгэмлэг нь гишүүнчлэл, татвартай, Бага, Бүгд хурал Хянан шалгах комисстой олон нийтийн байгууллагын хэлбэрээр төрийн ажлыг гүйцэтгэж байжээ.

            Биеийн тамирын байгууллага үүсч хөгжсөн цагаасаа эхлэн хүн ардын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болгох, үндэсний спортод тулгуурлан спортын сонгомол төрлүүдийг хөгжүүлэх чиг үүрэг, эрхэм зорилготой явж ирсэн.

            Спортын байгууллага нь төрөөс биеийн тамир, спортын талаар явуулж буй бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн онцлог, уламжлалт чанаруудаа харгалзан спортын сонгомол төрлүүдийг үе шаттайгаар хөгжүүлж ирсэн бөгөөд эхний үед боловсон хүчин, материаллаг баазын хүрэлцээ, хангамж зэргээс шалтгаалан онцгой амжилт гаргаж чадахгүй байсан хэдий ч биеийн тамир, спортыг сурталчлах, уулзалт тэмцээн зохиох, улсын чанартай тэмцээнд оролцох, Хөдөлмөр батлан хамгаалахад бэхлэн тэмдгийн нормыг хангуулах, явган аялал зохиох, волейболын спортыг хөгжүүлж, чөлөөт цагийг өнгөрөөх хэрэглүүр болгох, дулааны улиралд зусланд талбайнууд байгуулан тоглох хөдөлгөөн их өрнөж байв.

            1963 онд БТДСургууль байгуулагдсанаас Өвөрхангай аймагт биеийн тамирын мэргэжлийн боловсон хүчин өсөн нэмэгдэж, спортоор үзүүлэх амжилт сайжирч эхэлсэн юм.

            Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хороо, Эмэгтэйчүүдийн Зөвлөл, Боловсролын Хэлтэс, Цэрэг, Иргэний Хамгаалалтын Хэлтэс, Улсыг Батлан Бамгаалахад Туслах Нийгэмлэгийн Аймгийн Зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, спорт сурталчлах бригад гаргах, Хөдөлмөр батлан хамгаалахад бэхлэн тэмдгийн нормын шалгалтыг авах ажлыг тогтмолжуулснаар аймгийн чанартай уралдаан тэмцээн, түүнд оролцох тамирчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байв.

            Энэ нь биеийн тамирын багш нарын хангалт сайжирч, спортын материаллаг  бааз бэхжин, спорт сонирхогчдын хүрээ тэлж төр захиргааны байгууллагаас анхаарах анхаарал, санхүүгийн дэмжлэг туслалцаа сайжирч төсөв хөрөнгө нэмэгдэж байсантай болон үе үеийн  дарга, ажиллагсдын уйгагүй бүтээлч хөдөлмөртэй нь шууд холбоотой юм.

            1990 он хүртэл улсаас нэгдсэн бодлогоор аймаг бүрт хөгжүүлэх спортын төрлүүдийг тодорхойлж, тухайн чиглэлээр нь хэрэглэл материалаар хангаж байв. Тус аймаг нь 1978 оноос сагсан бөмбөг, волейбол, цана, бөхийн чөлөөт болон самбо, жудо барилдаан, хүндийн өргөлт, сур, хөнгөн атлетик, боксыг голчилж сонгон харин бусад спортын төрлүүдийг дагалдан хөгжүүлж байлаа. Биеийн тамир, спортын байгууллага нь дагалдуулан хөгжүүлж байгаа төрлүүдээс албан ёсны дасгалжуулагчтай болсон тохиолдол, сонгон хөгжүүлэх төрөлд шилжүүлж байв. Жишээлбэл: Т.Мэргэнийг ширээний теннисний, Х.Сүрэндоржийг шатрын орон тооны дасгалжуулагч болоход, тэдгээр төрөл нь сонгон хөгжүүлэх төрөлд нэмэгдэж, эдгээр төрлүүдийн хөгжил өндөр түвшинд хүрч, олон улсын шатрын холбооны мастер, спортын мастер, дэд мастерууд олноор төрж, дэлхийн шатрын олимдиадад 2 тамирчин оролцсон юм.

            1990 оноос эхлэн үндэсний бөх, жудо, чөлөөт бөх, волейбол, үндэсний сур, шатар, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, ширээний теннис, цана, спорт бүжиг, спорт явган аялалын зэрэг холбоод байгуулагдан олон нийтийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Тус аймагт удирдлагууд ихээхэн анхаарч ажиллаж байсан бөгөөд Аймгийн АДХГЗ-ны дарга асан Ч.Эрдэнэ-Очир, хариуцлагатай нарийн бичгийн дарга асан Л.Зэвгээ, О.Адъяа, санхүүгийн хэлтсийн дарга асан Д.Гомбосүрэн, Л.Ламаачин, С.Долгорсүрэн, ардын боловсролын хэлтсийн дарга асан О.Батмөнх, аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн болон бусад хэлтэс, агентлагын удирдлагууд зохион байгуулалт, материаллаг баазыг бэхжүүлэхэд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд бид бүхэн үргэлж талархаж ядваг билээ.

            Тус аймагт цанын спортыг хөгжүүлэхэд Хужирт сумын багш М.Бадарч, Д.Санжаа, Б.Ганпүрэв, волейболын спортыг хөгжүүлэхэд Ц.Мөнхөө, П.Төрмөнх, Р.Дэмбэрэл, Г.Цэнд-Аюуш, боксын спортыг хөгжүүлэхэд Г.Баасан, үндэсний болон байт сурын харвааг хөгжүүлэхэд Г.Бямбаа, чөлөөт бөхийг хөгжүүлэхэд Ц.Бат-Эрдэнэ, Ө.Насанжаргал, Э.Баттүшиг, Л.Мөнхжаргал, самбо жудо бөхийг хөгжүүлэхэд Н.Сэр-Од, Д.Батдорж, Б.Очир, хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд О.Амарсанаа, Н.Базарсүрэн, Ж.Ширбазар, Н.Эрдэнэчулуун, Б.Баярмаа, тэшүүрийн спортыг хөгжүүлэхэд Н.Пүрэв, Ж.Наранхүү, ширээний теннисийг хөгжүүлэхэд Т.Мэргэн, Н.Галпүрэв, А.Хүүхнээ, хүндийн өргөлтийг хөгжүүлэхэд Г.Бямбаа, Л.Батбаатар, П.Дуламдорж, Н.Ганболд, Б.Дэмбэрэлдорж шатрын спортыг хөгжүүлэхэд Х.Сүрэндорж, Ц.Гомбосүрэн, Ж.Жанцандорж, Г.Мөнхгал, паурлифтингийн спортыг хөгжүүлэхэд Д.Мөнхсүлд нарын оруулсан хувь нэмэр асар их юм.

            Сургуулиараа спортын тодорхой төрлөөр хичээллэх хөдөлгөөн 1980-аад оноос хойш 1990 он хүртэл ипэвхитэй өрнөж, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор явган аялалыг зохион байгуулах ажил төв орон нутагт эрчимжиж ирсэн юм. Биеийн тамирын анхан шатны байгууллагуудын ажлыг тусгай журмаар дүгнэдэг байсан нь тэдний ажилд ихээхэн тус дэм урам өгдөг байлаа. Арвайхээрийн сургуулиуд, Хархорин, Богд, Хужирт, Уянга сумд аймгийн захиргаа, Барилга угсралтын контор зэрэг байгууллагын биеийн тамирын хамтлагууд бусдыгаа хошуучлагч тэргүүний хамт олон байсан юм. Байгууллагуудын дарга нар нь хамт олныхоо хөгжлийн төлөө их зүйлийг хийдэг байжээ. Биеийн тамир, спортын байгууллагын тухайд 1941 онд анх тавигдаж байсан зорилго болох нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох, спортоор өндөр зэрэгтэй шилдэг тамирчид бэлтгэх зорилго нь одоогоороо эрхэм хэвээр байна. Биеийн тамирыг хүний эрүүл мэндийн үндсэн хэрэглүүр болгох явдал нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн өнөө үед улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.