Мэдээ

ӨВӨРХАНГАЙН АЛДАРТНУУД /ЧИМЭДБАЗАРЫН ДАМДИНШАРАВ/


Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, Өвөрхангай аймгийн БТСГазрын 80 жилийн ойг угтан Өвөрхангай аймгаас төрөн гарсан бөхийн чөлөөт барилдааны олимп, дэлхийн медальт, #АЛДАРТНУУДАА цувралаар танилцуулж байна.

🎖1968 оны Мехикогийн зуны олимпийн наадмын хүрэл медальт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харъяат, Монгол Улсын Ардын багш, гавъяат тамирчин #Чимэдбазарын #Дамдиншарав.
Монгол улсын Ардын багш, гавъяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав 1945 оны 3-р сарын 21-нд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төржээ. Эцэг эхээс наймуулаа бөгөөд дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр өтгөн айлын хүүхэд юм. Гучин-Ус сумандаа 7-р ангиа төгсөөд, 1961онд Улаанбаатар хотод ирж, Худалдааны техникумд орж суралцсан байна.
Энэ үед Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсэн хөгжиж, дугуйлан секц бий болж улмаар гавъяат багш О.Цэрэндавгын шавь болж анх их спортод хөл тавьсан түүхтэй. Монгол улсын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1963 онд Чөлөөт бөхийн улсын шигшээ баг байгуулагдан улмаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож мөн Монгол улс Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэнээр 1964 онд Токиогийн олимпт анх удаагаа оролцсон байдаг. Ч.Дамдиншарав багш маань 1968 онд Мексик улсын нийслэл Мехико хотноо зохион байгуулагдсан зуны XIX олимпийн их наадамын 52 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, #алтан_соёмбот_төрийн_далбаагаа_олимпийн_тэнгэрт_анх_удаагаа_мандуулсан юм. 1962 оноос 1972 он хүртэл олон бахархам амжилт гарган барилдаж, 1973 оноос Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагчаар ажиллаж олон арван шилдэг тамирчдыг төрүүлээд байна. Түүний дасгалжуулж бэлтгэсэн шавь нараас гавъяат тамирчид, олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээний медальтан 100 орчим тамирчид төрөн гарсан байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.