Мэдээ

МОНГОЛ ОРОНД САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ХӨГЖСӨН ТҮҮХ

✅1940 -өөд оны эцсээр манай оронд уригдан ирж ажиллаж байсан Зөвлөлт Хятадын мэргэжилтнүүд, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож тэднээс офицерийн сургуулийн сонсогчид, зарим залуучууд суралцаж байснаар анхны эх үүсвэр нь тавигдсан гэх боловч хэрэглэл материал муутай, заал талбай цөөн байжээ.
✅1946 онд явагдсан улсын анхдугаар спартикадад спортын сайн дурын “Соёл”, “Хөдөлмөр” зэрэг нийгэмлэгүүдээс тэр үеийн волейболын тэмцээнд оролцож байсан тамирчдаас бүрдсэн багууд сагсан бөмбөг тоглож байжээ. 1954 онд улсын аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн явагдаж үүнд нийгэмлэгүүдийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцон “Соёл” нийгэмлэгийн эрэгтэй баг аварга болжээ.
✅1959 онд зохиогдсон Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадмын тэмцээнд “МУИС”, “Барилгачин”, “Залуучууд” багууд тэргүүн байрт шалгарч байжээ. 1961 оны МБАТ-ний анхдугаар спартикадаар хот хөдөөгийн 24 нийгэмлэг, 6 их дээд сургуулийн эрэгтэй эмэгтэй 60 гаруй багийн нийт 400-аад тамирчид оролцож хотоос, МУИС-ын багийн ахлагч С.Чоён анхны спортын мастер цол хүртсэн.
✅1962 онд БНМАУ-ын Сагсан бөмбөг сонирхогчдын холбоог байгуулсан. 1950-иад оноос ардын армийн шугамаар манай тэргүүний сагсан бөмбөгчид Хятад, ЗХУ, Европын социалист орнуудад очиж нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож өөрийн оронд ах дүү армиудын болон бусад баг тамирчдыг урьж уулзалт тэмцээн зохиодог болсон нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучууд өсвөр үеийнхнийг сагсан бөмбөгийн спортоор шимтэн хичээллэхэд ихээхэн түлхэц болсон юм. Манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд Алдар нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их билээ.
✅1994 онд МСБХ шинэчлэгдэн зохион байгуулагдаж Монголын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг анх санаачлан ажилласан. МСБХ нь 2000 оны 12 сарын 21 –нд Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дахь, 12 сарын 29 –нд олон улсын сагсан бөмбөгийн холбооны 144 дахь гишүүн орноор тус тус элссэн билээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.