Хүүхэд багачуудад олимпийн боловсролыг олгох, алдарт тамирчдын амжилт, түүхэн замналаас суралцуулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх болон “Токио – 2020”, “Бээжин – 2022” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдаа дэмжих зорилгоор “Олимпийн өдөр”-ийг угтсан эхний арга хэмжээ болох бага ангийн сурагчдын гар зургийн уралдааныг зарлаж байна.
Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг сэргээн, Парис хотноо Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулсан тус өдрийг дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Монголын үндэсний олимпийн хорооноос олон улсын Олимпийн өдрийг угтсан арга хэмжээнүүдийг түлхүү цахим хэлбэрээр өрнүүлэх бөгөөд үүнд сурагчдын дунд гар зураг, шүлэг, эссе бичлэгийн уралдаан, “Спортын алдартан бидний бахархал” сэдэвт цахим уулзалт болон спортын холбоод, олимпийн зөвлөлүүдтэй хамтран видео уриалга - контент, цахим сургалт – семинар, телевизүүдтэй хамтран тусгай нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Бага ач сурагчдад уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.