Мэдээ

“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР-2024” АРГА ХЭМЖЭЭНИЙ “СОД ХҮМҮҮНЭЭС СУРГАЛЦАХУЙ”

Арга хэмжээний “Сод хүмүүнээс сургалцахуй” агуулгын хүрээнд тухайн орон нутагт түүхэн гавьяа байгуулсан спортын зүтгэлтэнг алдаршуулах ажлын хүрээнд аяны онцлох хүнээр Монгол Улсын ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Өлзийбаяр овогтой Насанжаргалыг онцолж байна. Ө.Насанжаргал нь 1955 онд Улаанбаатар хотод Өлзийбаярын 2 дахь хүү болон төрсөн. 1968 онд Өвөрхангай аймгийн 47 жилийн ойн баярын Үндэсний бөхийн өсвөр насны барилдаанд түрүүлж “Аймгийн харцага” цол авснаар бөхийн спортын гараагаа эхэлж тасралтгүй тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж байна. Бага наснаасаа эхлэн бөхийн чөлөөт барилдааныг сонирхон 1975 онд биеийн тамир, спортын “Алдар” нийгэмлэгт улсын шигшээ багийн гишүүн болсон. Гаргасан амжилтууд: 1977 онд бөхийн чөлөөт барилдааны УАШТ-ээс анхны мөнгөн медаль авч бөхийн амжилтын гараагаа эхэлсэн. 1977-1989 онуудад УАШТ, МБАТС-д тогтмол амжилт гарган Алт-1, Мөнгө-3, хүрэл медаль, 1980 онд “Москва-1980” Олимпын их наадмын бөхийн чөлөөт барилдааны 62кг жинд шагналт 6-р байр, 1985 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүүлж “Аймгийн арслан” цол, 2016-2019 Ахмад Мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 85кг-д Гурван Алт, нэг хүрэл медаль, 2016 онд Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Бөхийн чөлөөт барилдааны дагсалжуулагчаар ажиллаж байхдаа бөхийн залуу халааг бий болгох хүүхэд залуучуудын бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжилтэй болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагчдын нэг юм. Дасгал сургуулилтын арга барилыг байнга дээшлүүлэх, тамирчин нэг бүртэй тулж ажиллах, тэдний амжилтад хүрэхэд өөрийн хүч хөдөлмөр, авьяас, чадвар, олон жилийн уйгагүй хөдөлмөрийг зориулж ирсэн, чөлөөт бөхийн спортод өөрийн орон зайг эзэлж чадсан манай тэргүүний багш, дасгалжуулагчдын нэг юм. Шавь нарын амжилтуудаас дурьдвал: Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10-н жилийн 2-р сургуулийн харьяанд бөхийн өдөр өнжүүлэх бүлгийг нээж багшаар нь ажиллах хугацаанд: 1988 онд Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-с Д.Батмөнх алт, 1989 онд багаараа Улсын аварга, 1990 онд Пионер сурагчдын спартакиадад багаараа Улсын аварга /С.Ганбаатар, Ц.Батулга нар алт, Ч.Бат-Амгалан, М.Цэдэнсодном, Л.Наранбаатар, М.Жамъяанпүрэв нар мөнгөн медаль, Ч.Баянбилэг хүрэл медаль/, 1991 онд Үндэсний бөхийн УАШТ-нд Л.Наранбаатар мөнгө мөн МУ-ын Гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Д.Пүрэвсүрэн, МУ-ын өсөх идэр начин, самбо, жүдо бөхийн ОУХМастер М.Жамьянпүрэв, МУ-ын начин чөлөөт бөхийн ОУХМастер Л.Наранбаатар, аймгийн хурц арслан, чөлөөт бөхийн ОУХМастер С.Мөнхнасан, чөлөөт бөхийн ОУХМастер залуучуудын Дэлхийн аварга Т.Даваахуяг, аймгийн арслан Ч.Баянбилэг, Д.Батмөнх зэрэг ард олны дунд нэрд гарсан олон алдарт бөхчүүд өсгөн хүмүүжүүлж бэлтгэсэн анхны багш нь юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.